Жонон

Жонон
зурган дээр дарвал http://jononmongolia.blog.banjig.net/

Tuesday, March 2, 2010

about avatar movie


Найруулагч Камеруны шинэ уран бүтээл болох шинжлэх ухааны уран зөгнөлт Аватар кино сүүлийн нэг сар илүү хугацаанд дэлхийн хэмжээнд үзэгчдийг байлдан дагуулж ашиг орлогоороо ч түүхэн цаг үеийн хамгийн дээд амжилтыг тогтооход ойрхон байгаа билээ. Тус киног амжилтад хүргэхэд нөлөөөлсөн гол нөхцөлүүдийн нэг нь хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшилийг ашигласан явдал юм. Ингээд киног хэрхэн бүтээсэн тухай болон өгүүлж буй зарим үйл явдалын талаар техник, технологи сонирхогч хүний хувьд сонсож ажигласан зарим шинэ сонин зүйлсийн талаар өгүүлье.

Кинонд ашигласан шинэ технологийн тухай
Найруулагчид Аватар киног бүтээх санаа анх арван хэдэн жилийн өмнө төрсөн боловч техник, технологи хөгжиж, киног бүтээхэд тохиромжтой нөхцөл бүрдэхийг хүлээж байсан байна. Кино бүтээх ажил үндсэндээ хоёр хэсгээс бүрдсэн юм. Кинонд өгүүлэх Пандора хэмээх харь гаригийн байгалийн гайхал татам дүр зураг, амьтан, ургамал болон байлдааны техник хэрэгслүүд зэрэг киноны нийт дүрслэлийн 60-70 хувийг компьютер график ашиглан бүтээжээ.

Хамгийн сонирхолтой технологи нь нави хэмээгдэх харь гаригийн хүмүүсийг дүрслэхдээ уламжлалт нүүр хувиргалтын аргаас татгалзаж, бодит жүжигчдыг тоглуулан тэдгээрийг үйл хөдлөлийг программ хангамжийн тусламжтайгаар виртуал ертөнцөд хувиргасан явдал юм. Үүний тулд жүжигчдийн бие болон барьж буй зэвсэг хэрэгслүүдэд олон тооны гэрэл ойлгогч мэдрэгчүүд байрлуулан, тайзны эргэн тойронд суурилуулсан 72-96 камер ашиглан 3 хэмжээст оройн зайд зураг авалт хийсэн байна. Камерууд нь зөвхөн гэрэл ойлгогч мэдрэгчийн хөдөлгөөнийг бичиж авсан бөгөөд жүжигчдийн үйл хөдлөлийг олон тооны цэгийн хөдөлгөөнөөр дүрсэлдэг байна. Дараа нь эдгээр цэгүүдийг компьютер график ашиглан харь гаригийн хүмүүсийн "арьсыг нөмөргөж" хүнтэй адил, үнэмшилтэй дүр төрхийг бий болгожээ.

Гэхдээ энэ арга нь киноны түүхэнд анх удаа ашиглагдаж байгаа боловч огт шинэ зүйл бас биш юм. Хүн болон амьд амьтны биед олон тооны мэдрэгчүүд суурилуулан бичлэг хийж тэдгээрийн хөдөлгөөний зүй тогтолыг компьютер, программ хангамжаар боловсруулан судлах нь робот судлал болон зарим шинжлэх ухааны салбарт ашиглагддаг арга юм. Энгийн нэг жишээ гэхэд япон улс олимп, дэлхийн хэмжээний тамирчдынхаа бие махбоди болон хөдөлгөөний онцлогийг энэ аргаар судлаж тухайн тамирчин нэг бүрт тохирсон пүүз зэргийг зохион бүтээдэг.

Эдгээрээс гадна найруулагч Камерун, жүжигчдийн нүд, уруул болон нүүрний булчингуудын хөдөлгөөний зургийг тусгай камераар бичиж тэдгээрийг виртуал ертөнцөд дүрслэх, хувиргах технологийг боловсруулан ашигласнаар жинхэнэ мэт сэтгэгдэл төрүүлэх навичуудын нүүрний хөдөлгөөнийг бий болгож чадсан байна. Орчин үед киноны ямарч дүрийг комьютерээр бүтээх технологийн боломжтой болсон боловч хүн болон амьд амьтныг хийсвэрээр бий болгоход маш их хугацаа зарцуулагддаг. Мөн хүний үс, нүүр, хувцасны хөдөлгөөнийг үнэмшилтэй болгоход нарийн мэргэжлийн хүмүүс болон онцлог программ хангамж шаарддаг. Найруулагч Камеруны Аватар кинонд ашигласан технологи нь эдгээр хүндрэлүүдийг арилгаж, илүү бодит мэт сэтгэгдэл төрүүлэх дүрүүдийг бүтээж чадсан нь киноны түүхэн дэх нэгэн томоохон алхам болсон байна.

Киноны нийт дүрслэлийн үлдэх 30 орчим хувь буюу энгийн хүмүүсийн зураг авалтыг хийхэд хамгийн сүүлийн үеийн 3D камер ашигласан байна. Кинонд онцлог дүрсний эффект бий болгох, бодит хүмүүсийн жүжиглэлт болон компьютер графикаар бүтээсэн виртуал дүрслэлүүдийг нэгтгэх технологи боловсруулахад төсвийн ихэнх хувийг заржээ. Мөн найруулагчийн санааг зовоож байсан нэг зүйл нь бодит ертөнцийн буюу физикийн хуулиудыг зөрчихгүй байх явдал байсан бөгөөд энэ талаар эрдэмтдийн зөвлөгөөг авч байсан байна. Гэхдээ зарим тохиолдолд байлийн хуулийг маш бага хэмжээгээр зөрчихөөс аргагүй байсан тухай найруулагч ярилцлагадаа дурдаж байжээ.

Кинонд ажиглагдсан зарим нэг онцлог
Аватар кинонд үзүүлж буй дүр, дүрслэлүүд холливудын түүхэн дэх яамар ч кинотой харьцуулалтгүй гэдэгтэй санал нийлэх хүн олон байх. Мөн хүн байгалын холбоо, байгалиа хайрлаж хамгаалж байх ёстойг маш уран аргаар илэрхийлсэн байсан. Энэ удаад киноны үйл явдалын талаар бус кинонд өгүүлж буй ертөнцөд анзаарагдсан зарим нэг хийсвэр, бодит бус, дутагдалтай буюу арай өөр хэлбэрээр дүрслэгдсэн бол киног илүү сонирхолтой болгох магадлалтай зарим нэг зүйлсийн тухай өгүүлье. Гэхдээ дээр дурдаж байсан байгалийн хуулийг зөрчихөөс аргагүй болон киноны үйл явдал утга санаатай холбоотой зориудаар хийгдсэн байхыг үгүйсгэхгүй.

Харь гаригт зорчиж, аватарыг бүтээх хэмжээний технологийн дэвшилд хүрсэн 22-р зуунд болж буй үйл явдлын гол баатар тэргэнцэр дээр сууж явдаг нь үнэмшил муутай байлаа. Ядаж л robot-suit маягийн хувцас өмсүүлээд хоёр хөлөөрөө алхаж явсан бол гэдэг бодол эрхгүй төрнө.

Кинонд үзүүлж буй байлдааны техник хэрэгслүүд нь аль дээр үеийн вьетнамын дайныг санагдуулж байлаа. Агаарын эсэргүүцлийг давж ажиллах сэнстэй нисдэг тэрэг, галт сум бүхий буу зэвсэг нь кинонд үзүүлж буй эрин үетэй олигтой авцалдаж өгсөнгүй.

Дэлхийтэй харьцуулахад хүндийн хүч харьцангуй багатай гэгдэх Пандора гариг дээр сэнстэй нисдэг тэрэг нисч чадах эсэх, мөн тэнд байгаа дэлхийн хүмүүс дэлхийд байгаатай адилаар алхаж, гүйж байгаа нь эргэлзээ төрүүлж байлаа.

Кинонд гарч буй байлдааны робот-хувцас (The AMP Suit)-ыг Матрикс киноноос, нисдэг арлуудыг гурван ч төрлийн хүүхэлдэйн киноноос, луу сургаж унадаг дүр зургийг мөн адил өөр нэгэн кино (нэрийг нь санахгүй байна)-оос тус тус хуулбарласан гэмээр зүйлүүд ч бас байлаа.









эх үүсвэр; http://en.wikipedia.org/wiki/James_Cameron#Avatar_.282009.29

No comments:

Post a Comment